“Сайн багшийг хаанаас олох вэ?”
Аливаа эрдмийг сурахад сайн багш хамгаас эрхэм чухал. Хятад зэрэг дорно дахины ард түмнүүд багшийг “Дахин төрүүлсэн ачтан” хэмээн өргөмжлөн хүндэтгэсээр иржээ. Манай ард түмэн ч гэсэн багшийг дээдлэн хүндэтгэх сайхан уламжлалтай. “Багшаар заалгаагүй эрдмийг нохойн сүүлнээс зүүгээд тавь.” гэх зэргээр манай өвөг дээдэс эртнээс нааш хэлэлцэж ирсэн нь аливаа эрдмийг төгс сайн сурахад багшийн үүргийг товойлгон зааж өгсөн хэрэг юм. Тэгвэл эрдэм номонд төгс сайн боловсорсон сайн багшийг хаанаас олох вэ? Энэ бол өнөөгийн цөвүүн цагт тун амаргүй хэрэг. Аюулт муу өвчнийг анагаан засагч эмч, ариун эрдмийг заан соёрхогч ачит сайн багш хоёртой эртний сайн ерөөлөөр уулзаж учирдаг тавилантай юм гэнэ лээ. Тэгвэл сайн багш гэж чухам ямар хүнийг хэлэх вэ? Миний бодлоор тухайн эрдмийнхээ оргилд хүрсэн, өөрийн хүрсэн тэр оргилд хүрэх дөт замыг заан чиглүүлэгч бол жинхэнэ сайн багш мөн санагдана. Сайн багшийн чадал зөвхөн танхимын сургалтаар хязгаарлахгүй, чөлөөт цагаар нь юу хийхийг гэрийн даалгавраар дамжуулан хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Багш хүн өөрийн эрдэм чадлаар шавь нартаа үлгэрлэж байхаас гадна хамгийн гол нь эрдэм өөд тэмүүлэх урам зоригийг өдөөж өгч байвал зохино. Харин түүний сурагч, оюутан нь багшийнхаа заасан тэр дөт замаар туйлбартай замнасаар эрдмийн гэрэлт оргилд хүрдэг учиртай ажээ. Тийм болохоор хичнээн сайн багштай учирлаа ч гэсэн эрдмийн оргилд хүрэхэд хувь хүний өөрийн хичээл зүтгэл юу юунаас илүү чухал. Болдогсон бол багш чинь өөрийн мэдэж байгаа эрдмийг тархи толгойд чинь хийгээд өгчихмөөр л байгаа. Гэвч даанч тэгж болдоггүй нь харамсалтай. Гагцхүү чи өөрөө хичээл зүтгэл гаргасны хүчинд тэр бүх эрдэм мэдлэгийг сурч авч чадна.
Багшийг хүндлэн дээдэлж байж эрдмийн шимийг хүртэх учиртай. Ингэхийн тулд аливаа хүн хичээл зааж байгаа ямар ч багшийг сайн муу гэж ялгахгүй адилхан хүндэлвэл зохино. Тэд бүгдээрээ л аав ээжийн чинь адилаар өөрсдийг чинь сайн хүн болгохын төлөө чиг зорилгыг барин ажиллаж байдаг юм. Хүн л юм болсон хойно зарим нэгэнд нь алдаа дутагдал байж болно л доо. Гэхдээ “Багшийн гэмийг бүү ойшоо.” гэсэн манай хуучны мэргэн үг байдаг. Тийм болохоор ачит багш нараа алагчлалгүй дээдлэн хүндлэх нь хүний сайхан чанар юм.
Түүнээс гадна чиний эргэн тойронд чинь сайн багш нар олон байгаа. Өөрөөр хэлбэл хэл сурч байгаа хүний хувьд орчин тойрны олон юмс үзэгдэл багш болж байдаг. “Хоёр хүн хамт явахад нэг нь миний багш.”, “Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш.” хэмээн Күнз богд айлджээ. Энэ бол хамт олон найз нөхдийн чинь дунд сайн муу хүн олон байгаа, чи тэр болгоныг зөв зүйтэй тусгаж авч, чадвал сайн хүн болж өсөж дэвжихэд тустай шүү гэдгийг хэлсэн санаа. Би дээр хальт дурдаж байсан нэг зүйлийн тухай энэ хэсэгт илүү дэлгэрэнгүй тайлбарлая хэмээн бодлоо. “Бурхан багш нирваан дүр үзүүлэх болоход олон итгэлт шавь нар нь маш их энэлэн гашуудсан байна. Тэр байдлыг хараад Бурхан багш бидний хамт байх цаг хугацаа хорогдсоор байгаа тул хурдан амжиж асуух зүйлээ асуу гэжээ. Түүнээс санаа аван Бурхан багшийн дэргэд хамгийн удаан номын дуу сонссон шавь нь болох Ананд гурван асуулт тавьсаны нэг нь ‘Таныг нирваан дүр үзүүлсэний дараа бид хэнийг багшаа хэмээн дээдлэн явах билээ?’ гэжээ. Бурхан багш хариуд нь ‘ Сахилыг багшаа хэмээн дээдлэж яваарай.Хэрвээ сахилаа чанд сахиж явах аваас би хажуу дэргэд чинь байгаагаас өөрцгүй ямагт хамгаалж явах болно.’ хэмээсэн байдаг.” Үүнийг одоогийн хүүхэд залуучуудад ойлгомжтой хэлээр тайлбарлах юм бол өдрийн дэглэмийг зөв барьж муу муухай зүйлд уруу татагдахгүй, сайн зүг рүү өөрийгөө залж яв. Тэгвэл Бурхан багш ямагт дэргэд чинь оршиж буй мэт хүссэн бүхэн чинь сэтгэлчлэн бүтэж байна гэсэн үг юм. Тэгэхээр чанд дэгийг байнга сахиж явбал гадаад хэл сурахад ч багш мэт чигийг чинь зааж өгч байх нь байна шүү дээ. Мөн дияаны аймгийн домог түүхэнд өгүүлдгээр “Нэгэн хүн өөрт тохиолдсон чухал хэргээ даатган Хомьсим Бодисатвад мөргөхөөр мөргөхөөр сүмд очжээ. Түүнийг сүмд ороход өмнө талд нь нэг хүн Бурхны хөрөгт мөргөж байхыг сайтар лавлан харвал Хомьсим Бодисатва өөрөө байх юм гэнэ. Тэр хүн арай ч үгүй байлгүй дээ хэмээн санаад ‘Та хэн бэ?’ гэсэн чинь цаад хүн нь ‘Би Хомьсим Бодисатва байна аа.’ хэмээн хариулжээ. “Мөнөөх хүн та яахаараа өөрөө өөрийнхөө хөрөгт мөргөж байдаг билээ?’ хэмээн асуухад ‘Надад чухал хэрэг гарсан тул би түүнийг бүтээхийн тулд өөртөө мөргөж байгаа юм л даа.’ гэж хариулсан байна.” Хомьсим бодисатва ийнхүү иш үзүүлж мөнөөх хүнд аливаа асуудлыг шийдэх арга замыг хайхдаа гаднаас эрэх биш өөрийн хүч боломжиндоо тулгуурлаж байхын чухлыг ойлгуулсан ажээ. Миний дээр дурдсан цөөн хэдэн жишээнээс манай уншигчид Бурхны сургаал, Күнзийн суртал зэрэг нь хувь хүнд ертөнцийн мөн чанарыг ухааруулан, билиг оюуныг нээх гол зорилготой байдгийг бага сага ч болов ойлгосон байх аа. Хятад, япон зэрэг дорно дахины улс орнуудад Буддын шашны иргэний боловсролд ихэд анхааран жирийн хүн уншиж ойлгож болохоор хялбаршуулсан ном зохиол маш арвин байдаг. Миний ярьсан түүх домгууд бол тэдний л нэг юм. Гэтэл манай улс хэдийгээр Буддын шашинт улс боловч иймэрхүү танин мэдэхүйн чиглэлийн ном хэвлэл маш ховор байдаг болохоор хүмүүсийн ойлголт ч бүдэг бүрхэг байх нь аргагүй юм. Ойрын жишээ гэх юм бол манай нэгэн нэртэй дуучны “Мэнгэ төөрсөн амраг” дуунд “Бурхан багшийн дутаасныг яалтай билээ.” гэсэн мөр байдгийг та бүхэн санаж байгаа байх аа. Бурхан Будда хүн төрөлхтөнд мөнхийн амгаланг олох замыг зааж өгөх багш нь болохоос биш, ертөнцийг бүтээгч, хувь заяаг эрхшээгч биш юм. Түүнд дуучны нууц амрагийн нулимс тоссон мэнгийг зураад сууж байх цаг зав, ажил үүргийн хуваарь үгүй.
Би дээр дурдсан олон зүйлийг тойруулан нуршдагийн цаад санаа нь хүн аливаа эрдэм тэр дундаа гадаад хэлийг сурахад өөрийгөө сайтар дайчилж чадвал хүссэн амжилтандаа хүрэхэд төдийлөн бэрх биш гэдгийг хэлэх гэсэн юм. Гагцхүү энэ бүхнийг ойлгож ухаараад хичээл зүтгэлээ шавхан дайчлах нь л гол юм. Өдөр болгон өөртөө тохирсон ачааллыг тэнцүүлж тууштай хичээллэж байдаг хүний хувьд гадаад хэл сурахад тохиолддог сэтгэл зүйн бэрхшээлийг давахад төдийлөн хүндрэлтэй биш.
Энд дурдууштай өөр нэгэн зүйл нь манай гадаад хэлний багш нарын заах аргыг хөндлөнгөөс ажиглаж байхад шахуу зохиогдсон хөтөлбөртөө баригдаад хэт хурдан зааж суралцагсдыг хөлдөө чирэх дутагдал нийтлэг байдаг. Аливаа нэг гадаад хэлний мэдлэгийг уултай зүйрлэх юм бол суралцагсад тэр уулын орой дээр гарч чадсан тохиолдолд орчин тойрноо бүрэн төгс танин мэдэж чадна. Гэтэл манай олонх багш нар энэ зүй тогтлыг тэр болгон ойлгохгүй уялдаа холбоо муутай дүрмийн мэдлэгийг хэт голлон зааж байгаа нь зүйрлэн хэлбээс мөнөөх уулын модны хормой бэлд нь оччихоод ганц модыг сонгон авч “Үүнийг мод гэдэг юм. Харин энэ бол мөчир нь, түүнийг навч гэдэг юм.” гэх мэтээр тайлбарлаж байгаагаас өөрцгүй юм. Гадаад хэлний багш ингэж мод нэг бүрээр нь зааж тайлбарлаад байвал хэзээ амжиж суралцагсдыг уулын оройд гаргах билээ дээ. Харин жинхэнэ сайн багш шавь нараа дагуулан өөрийн нэгэнт гарч чадсан оргилд хүрэх замыг л зааж өгөх нь чухал. Энэ алс холын адармаатай аян замд аялан явах зуураа шавь нар чинь тэртэй тэргүй модод шилмүүстэй, навчтай гэсэн хоёр өөр төрөл зүйл байдаг юм байна. Хэрэм гэж хөөрхөн амьтан гацуур модон дээр дүүлэн самар жимсийг нь идэж амьдардаг байх нь гэх зэргийг өөрөө хараад ойлгочихно. Тэгээд явсаар уулын орой дээр гарсан тохиолдолд эргэн тойрныхоо ой мод, хад асга тал хөндий зэргийг алган дээрээ тавьсан мэт тольдон харах болно шүү дээ.
Эцэст нь хэлэхэд өөрийн сонгон авсан хичээл номоо сайтар давт. Илүү гарсан чөлөөт цагаа ашиглан өөртөө эзэн болж гадаад хэлний мэдлэгийн оргилд гарцгаая.

Comments

Popular posts from this blog

АСУУХ ХЭЛБЭР